Баяндун сум – Танилцуулга


ТАНИЛЦУУЛГА


БАЙРШИЛ


ТҮҮХЭН ЗУРАГ


СУМЫН ТӨВИЙН ЗУРАГ


ГАЗАР НУТГИЙН НЭР


ГАЗАРЗҮЙ


ДРОНЫ ЗУРАГ


3D ЗУРАГ


 

 

 

 


СУМЫН ТАНИЛЦУУЛГА

     БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1925 оны хавар Уртын голд Баян-Уул, ХУжиртаан, Бүс, Салхитын хөндийгөөр нутаглаж байсан ардуудын хурал болж Алхана, Онон, Ага сумын зарим хэсэг мөн аль ч суманд харьяалалгүй байсан нутгийн ардуудаас бүрдсэн Шинэ Алхана сумыг 9 баг 192 өрхтэй байгуулж даргаар нь Ренчиний Чойвооныг сонгосон байна. Энэ үед сумын төв нь Салхит, Бүсийн гол, Билүүтээр нутаглаж байжээ. 1926 онд “Шинэ Алхана” нэрийг өөрчилж Баяндун уулын сум болгож, засаг захиргааны 3 багтай болгосон байна. 1931 онд Баяндун сум, Угтам хан уулын сумыг нийлүүлж 4 багтайгаар Баяндун сумыг шинэчлэн байгуулж Улз голын хошууны шинэ төв болох Наранбулагт төвлөрүүлж одоогийн Баяндун сум үүсэж хөгжсөн түүхтэй. Баяндун сум Хэнтийн нурууны салбар уулсын төгсгөл, Дорнодын тэгш өндөрлөг талын баруун хойд хэсэгт ойт хээр, хээрийн бүсэд байрлаж  Баян-Уул, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдтай хил залгаа оршиж, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшингээс дээш 900-1100 м өндөрлөгтэй, хамгийн нам дор газар нь “Улз голын хөндий” 760 м, хамгийн өндөр цэг нь “Халиун уул” 1378 метр өндөрт оршдог.

     Газарзүйн бүс бүслүүрийн хувьд хуурайсаг, тал хээрийн жижиг толгод бүхий гүвээрхэг, долгиорхог, тэгш тал газрын ерөнхий хэв шинжтэй бөгөөд зундаа халуун хуурай, өвөлдөө хүйтэн хуурайдуу, хавар нь салхитай, намар нь  сэрүүн.

 

СУМЫН АТЛАСЫН ТАНИЛЦУУЛГА

     Монгол орон нь Ази тивийн төв хэсэгт байршилтай, далайгаас алслагдсан, уул тал хээр хосолсон өргөн уудам нутагтай, эрс тэс эх газрын уур амьсгалтай бүс нутаг юм. Монгол нь засаг захиргааны зохион байгуулалтын хувьд гэвэл нийслэл нь Улаанбаатар хот. Нийт хүн амын хагасаас илүү хувь нь Улаанбаатар хотод амьдран суудаг. Үүнээс гадна засаг захиргааны 21 аймаг, 330 сумтай, сум тус бүр нь 3-5 багтай, баг нь 1500-6000 хүн амтай, ихэнхдээ нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг. Монгол улс анх 1990 онд анх Үндэсний атластай болсон. Түүнчлэн сансрын мэдээ, мэдээллийг ашиглан Монгол орны 1:1 саяын масштабтай 7 төрлийн сэдэвчилсэн газрын зургийг манай эрдэмтэн мэргэд зохион хэвлүүлсэн билээ. Энэ мэтчилэн олон тооны атлас, газрын зургуудыг урьд өмнө нь бүтээн хэвлүүлсэн.

     Зарим аймгууд сүүлийн үеийн мэдээллийг ашиглан Аймгийн газарзүйн атласаа хийн хэвлүүлсэн бөгөөд харин сүүлийн жилүүдэд сумууд өөрийн газарзүйн атластай болох хүсэл эрмэлзэлтэй байгаа билээ. Энэ үндсэн дээр Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул, Увс аймгийн Малчин сумууд ихээхэн мэдээлэл цуглуулан, цэгцэлж хүчин чармайлт гаргасны үр дүнд  сумын газарзүйн атласаа хэвлүүлээд байна. Үүний загвар болгож Дорнод аймгийн Баяндун сумын газарзүйн атласыг танилцуулж байна.

     Баяндун сум нь Монгол орны зүүн хойд зүгт ОХУ-тай хил залган байршдаг. 4 багтай,   6237 кв км нутагтай, 3026 хүн амтай, 110,4 мянган толгой малтай. Газарзүйн судалгаа мэдээллийг эмхтгэн цэгцэлж мэдээллийн сан үүсгэснээр зурагзүйн бүтээл гаргах боломж бүрдсэн билээ.

     МонМэп компани нь Баяндун сумын том масштабтай байрзүйн зураг дээр тусгайлан газар дээр нь хээрийн судалгаа явуулж геодезийн цэг тэмдэгт, худаг, булаг, зэрэг усзүйн обьектууд болон, эрчим хүчний шугам, зам харгуй, газарзүйн байршил, газар нутгийн нэрийг тодотгон судалж мэдээллийн сан үүсгэн баталгаажуулсан юм.

     Орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн ололт, сансрын зургийн мэдээлэл, бусад тоон мэдээ, зургийг үндэслэн зураг зүйн арга, аргачилгааг ашиглан Баяндун сумын газарзүйн анхны загвар атласыг хэвлүүлсэн юм. Энэхүү атласын газрын зургийн үндсэн  масштаб нь 1:500.000, 1:125.000.  Атлас нь танин мэдэхүй судалгаа, сурталчилгаа, аялал жуулчлалын ач холбогдолтой бүтээл мөн. Атлас нь 260 х 285 мм хэмжээтэй, 80 нүүртэй, 59  нүүрт нь газрын зураг байрлуулан, бусад нь фото зураг тайлбар бичигтэй болно. Сумын атласуудын мэдээллээс харахад  цаашдаа бүх сумуудын газарзүйн атласыг зохиож хэвлүүлснээр Монгол орны газар нутгийн нэрийн нарийвчилсан судалгааг гаргаж болох юм.